Өнөөдөр Норвегийн нийслэл Осло хотноо 2016 оны Нобелийн Энх тайвны шагналын эзнийг тодруулах юм. Энэ нэр хүндтэй шагналыг хүртэх хүнийг 376 нэр дэвшигчийн дундаас сонгожээ. Нэр дэвшигчдийн 228 нь хувь хүн бол 148 нь байгууллага ажээ.
ВВС агентлагийн мэдээллэснээр, тус шагналын эзнээр хэн гэдэг, ямар гавьяа байгуулсан хүн тодорсон нь маш нууц хэвээр байна. Гэвч энэ шагналын эзнээр тодорсон байх магадлалтай нэр дэвшигчдийн тоонд Сирийн иргэдийг хамгаалах “Цагаан дуулгатнууд” сайн дурын байгууллага болон Ираны энхийн хэлэлцээрийг байгуулахад оролцсон хүмүүс оржээ.
“Цагаан дуулгатнууд” байгууллага нь иргэний дайны хөлд нэрвэгдээд буй Сирид агаарын цохилтод өртөн нурсан барилгын нуранги дороос хүмүүсийг татаж гаргаж буй сайн дурынхан юм. Тус байгууллагыг олон нийт хамгийн ихээр дэмжиж, тэдэнд Нобелийн шагналыг гардуулж өгөхийг хүссэн өргөх бичигт 304 мянга гаруй хүн гарын үсэг зураад байгаа гэнэ.
Мөн “өөрийн хүчтэй үзэл санаагаараа энх тайван байдлыг тогтооход хувь нэмэр оруулсных нь төлөө” АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд Бүгд найрамдах намаас нэр дэвшигч Дональд Трамп энэ шагналын эзнээр тодорсон гэх цуурхал ч таржээ. Өнгөрсөн онд Нобелийн Энх тайвны шагналыг Тунисыг ардчилалд шилжихэд тусалсан “Тунисын үндэсний хэлэлцээний дөрвөл” хэмээх дөрвөн байгууллагаас бүрдсэн бүлэгт олгосон билээ.
No comments: